2025-06-13
24
СҮХБААТАР АЙМГИЙН БАЯНДЭЛГЭР СУМ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 100 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ
Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сум үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй “Дарьганга уулын хошуу: Буурал түүхийн өлгий Баяндэлгэр сум” сэдэвт эрдэм шинжилгээний хурал 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдөр ёслол төгөлдөр боллоо.
Хурлыг Шинжлэх ухааны академийн Тэргүүлэгчдийн газрын дарга, доктор (Ph.D) А.Баярбаатар нээж үг хэлэв. Мөн Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Хосбаяр, Баяндэлгэр сумын Засаг дарга Д.Аваажигмэд, Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музейн дарга Д.Ариундэлгэр нар баярын мэндчилгээ дэвшүүлэн, хүндэтгэлийн үг хэллээ.
Эрдэм шинжилгээний хуралд Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Археологийн хүрээлэн, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, Архивын ерөнхий газар, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн, Монголын Үндэсний музей, Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музей зэрэг төр, шинжлэх ухааны байгууллагын төлөөлөл болсон 20 гаруй судлаач оролцож, эрдэмтэн судлаачдын илтгэл хэлэлцүүлж байна.
Энэхүү хурал нь Баяндэлгэр сумын түүх, соёл, байгаль орчин, угсаатны онцлог болон нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан баримт, судалгаанд тулгуурласан үнэт бүтээлүүдийг нийтэд хүргэх зорилготой бөгөөд орон нутгийн хөгжилд шинжлэх ухаанч суурь, баримтат үнэлгээг бий болгоход чухал ач холбогдолтой юм.